"3 ҮГТ ХАЯГ"-ИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЛЭЭ
Өөрийн хаяг, байршлаа мэдэхгүй байгаа иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “What3words” компанитай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулсан байна. Мэдээлэл, шуурхай удирдлагын төв “3 үгт хаяг”-ийг 2021.05.08-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн ба 2021.05.09-ний өдрийн 15:10 цагт тус төвийн “105” тусгай дугаарын утсанд “9910хххх” дугаараас “Зайсангаас Богд уулын Түшээ гүн оргил руу 3 настай, 11 настай хоёр хүүхдээ дагуулаад өглөө 09 цагийн үед гараад, төөрчихлөө. Модон дунд 6 цаг орчим явчихлаа, хүүхдүүд маань айгаад, өлсөөд уйлаад байна, туслаарай...” гэх дуудлага ирсэн ба уг төөрсөн иргэний байршлыг “3 үгт хаяг”-ийн тусламжтайгаар тодорхойлж, утсаар газарчлан “Нүхт”-ийн ам руу буулгасан байна. Аврагдсан иргэн, гэр бүлийн гишүүдийн хамт Мэдээлэл, шуурхай удирдлагын төв дээр ирж, талархлаа илэрхийлсэн байна.Мөн 2021.05.11-ний өдрийн 00:40 цагт “8957хххх” дугаараас тус төвийн “102” тусгай дугаарын утсанд “Шарга морьтоос хойшоо нилээн яваад айлын зуслангийн байшинд ирсэн чинь, нөхөр зодоод, хутга барьчихаад ална гээд байна. Би маш их айж байна. Зуслангийн байшингуудын дунд, харанхуйд байршлаа мэдэхгүй байна. Утсаар олон дахин ярих боломжгүй байна, туслаарай...” гэх дуудлагад мөн “3 үгт хаяг”-ийн тусламжтайгаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянбулаг зусланд байгаа байршлыг тодорхойлж, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн “Бэлх-116” эргүүлийн чиглэлд дамжуулан дуудлага өгсөн иргэнд тусламж үзүүлсэн байна. Тухайн иргэний нөхрийг согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоож, эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч, материалжуулан шалгаж байна.Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотод 2013 онд бүтээгдсэн “what3words буюу 3 үгт хаяг” нь байршлыг тогтоох хамгийн энгийн шийдэл юм. “3 үгт хаяг”-ийн технологи нь дэлхийн гадаргууг 3х3 метр дөрвөлжнүүдэд хувааж тус бүрд нь 3 үгийн хослолыг оноож өгснөөрөө давуу талтай, шинэлэг хаягжилтын технологи юм. “3 үгт хаяг”-ийн “what3words” програмыг гар утсандаа үнэ төлбөргүй суулгаж, дэлхийн 45 хэл дээр ашиглах боломжтой юм.