УСАНД ОСОЛДСОН ИРГЭДИЙГ "3 ҮГТ ХАЯГ"-ИЙН ТУСЛАМЖТАЙГААР БАЙРШЛЫГ ТОГТООЖ, АВАРЛАА.
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 00 цаг 30 минутад ирсэн “Голд машинтайгаа орчихлоо, усанд урсах гээд машинаасаа бууж чадахгүй, байршлаа тодорхой хэлж мэдэхгүй байна, 4 хүн байна...” гэх дуудлагын дагуу 3 үгт хаягийн тусламжтайгаар байршлыг нь тодорхойлоход Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш 3,5 км-т байгааг нь тогтоож, цагдаа, онцгой байдлын алба хаагчид хамтран аврах ажиллагаа зохион байгуулж, иргэдийн амь насыг аварчээ. Ослын газар дээр очиход дээрх 28-31 настай иргэд Toyota Sai загварын автомашинтай голд живсэн байсныг аварч, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор иргэд ой модонд төөрөх, усанд осолдох дуудлагын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь өөрийн байршлаа мэдэхгүй байгаа иргэнээс дуудлага, мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 05 дугаар сарын 08-ны өдрөөс Англи Улсын “What 3 words” компанийн “3 үгт хаяг”-ийн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд дээрх өдрөөс хойш төөрсөн, өөрийн байршлаа хэлэх боломжгүй нөхцөл байдалд орсон 4 дуудлагын байршлыг тодорхойлж, иргэдийн амь нас эрүүл мэндийг аварсан байна.
Уг “3 үгт хаяг”-ийн програм нь оффлайн горим буюу интернетгүй орчинд ажилладаг нь 3G болон 4G сүлжээ дутмаг байдаг хотын зарим бүсүүд болон хөдөө орон нутагт ашиглах боломжтой тул та болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, дээрх програмыг утсандаа суулгахыг зөвлөж байна.
#what3words