МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ - DREAMS COME TRUE
#TigerTaavar-ийн талаар Facebook дээр хэн нэгэн буянтан нь шейр хийж, тэрийг нь би сонирхон мэдээлэл авч бүртгүүлснээр мөрөөдөл биелэх эхлэл тавигдсан. Эхний тойргоос /ManU vs. Arsenal/ 55 оноо авч, үүндээ урамшиж цаашид идэвхтэй оролцсон. Эхний тойргоосоо оноо авч чадаагүй байсан бол тэгсгээд орхичих ч байсан юм бил үү. Вэлбэкт баярлалаа
2016 оны 05 дугаар сарын 15. Энэ өдөр би алдарт Анфилд цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн тоглолт үзэх тийзээ халаасласан. SPS телевиз дээр зохион байгуулагдсан Финалын тоглолтод хамт оролцсон залуустаа баярлалаа.
Үүнээс хойш ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж сонгууль, АСЕМ, наадам, ээлжийн амралт гэсээр нэг мэдсэн чинь Анфилл зүглэх цаг тулчихсан байна. Өнгөрсөн улирлын аварга Үнэгнүүдтэй тоглох хуваарийг сонгосон байсан учир, СББ-аас томилогдсон бас нэгэн Коп залуу Тамирын хамт 9-р сарын 9-ний өглөө Москва, Лондонгоор дамжин Ливэрпүүлийн зүг хөлгийн жолоо залсан.
Өглөө 8:10-аас Чингис хаан ОУНБ-аас, 10:05-аас Москвагийн Шереметьево ОУНБ-аас тус тус хөөрч, Лондонгийн Heathrow ОУНБ-д 12:30-д газардсан. /бүгд орон нутгийн цагаар/ Лондонгийн Underground –аар Victoria Station хүрч, тэндээсээ Victoria Coach Station орж, Ливэрпүүл орох автобусандаа суугаад 5 цаг орчим явсны эцэст Ливерпүүл хотод оройн 22:00 цагийн үед очсон.
Ливэрпүүлийн One bus station-ээс зочид буудал хүртэл 850 орчим метр алхаад Britannia Adelphi Hotel –д хүрэлцэн ирсэн. СББ-ын хамт олон бид 2-ыг явахаас өмнө зааварчилгаа сайн өгсөн учир төөрч будилах, эргэлзэх зүйл байсангүй.
Тэндээ хоноглоод өглөө 10 цагт алдарт Анфилд цэнгэлдэхийн зүг #26 номерын автобусандаа суугаад явлаа. Анфилдад очоод хамгийн түрүүнд шинэчлэгдсэн Main stand нүдэнд тусч, ямар ч сайхан, том цэнгэлдэх вэ гэж дотроо уулга алдав. Тамираа бид 2 цэнгэлдэхээ нар зөв бүтэн тойрч, Билл Шанклигийн хөшөөний дэргэд зургаа авахуулж, 17:30 цагийг тэсэн ядан хүлээж байв.
Бид 2 эрт очсон болохоор тэр хавийн ойр орчимд болон албан ёсны дэлгүүр хүн багатай, сийрэг байв. Дэлгүүрээр нааш цааш жаахан холхиж байтал хүн шаваад, ихсээд ирсэн. Дэлгүүрээс гарч ирээд музей үзлээ. Он цагийг харуулсан, түүх дурсгалын зүйлсийг агуулсан сайхан үзмэрүүдтэй юм билээ. Бас ахлагчид маань зориулсан тусгай өрөө тохижуулсан байсан. /өмнө байсан эсэхийг нь сайн мэдэхгүй юм/ Бас тэр “You’ll never walk alone” дуу бүхий бичлэг, шум гайхалтай, огшоож байна лээ. Тэгээд тоглолт эхлэхээр юу болох бол доо гэж бодогдох.
Музей үзээд гараад ирсэн чинь хөл хөдөлгөөн ихэссэн, хөгшин-залуу-эрэгтэй-эмэгтэй-хүүхэд-гадаад-дотоод гээд л зүсэн зүйлийн хүмүүс бужигнасан, бас зөөврийн тайз засчихсан, залуус хөгжмөө хөглөөд л, дуугаа бэлтгээд л.
Бид 2-ын аялалд The Boot Restaurant –д цагийг өнгөрүүлэх, хооллох хөтөлбөр багтсан байсан ба 14:30 гээд The Boot Restaurant –аас тоглолтын билетээ авч, дотогш нэвтэрсэн. Захдуухан ширээнд Норвегиэс ирсэн 2 коптой хамт хооллосон. Тэр 2 Анфилдад 8 дахь удаагаа тоглолт үзэж байгаа үнэнч фэнүүд. Давхар жерси өмссөн. Дотор талын жерсигээрээ дүүрэн гарын үсэг зуруулчихсан. Бид 2 яаж дутахав гээд тэр өдрийн зочин, хамгаалагч асан Phil Babb –ийн гарын үсгийг жерси дээрээ зуруулж, хамт зургаа авахуулав.
Билетээ хартал Anfield Road stand-ийн дээд давхрын дунд хавиар суудал байв. За тээр доор, цаана, хэн гүйгээд байгаа мэдэгдэхгүй, хол харагдах нь дээ гэж бодогдов. The Boot Restaurant-д хооллочихоод гараад иртэл юун наадам, юун цагаан сар...
Тоглолт эхлэх цаг болж, цэнгэлдэх рүү орох мөчид зүрх хүчтэй цохилж, догдолж байлаа. Блокийнхоо хаалгаар ороход цэнгэлдэх цэлийгээд л ирлээ... Суудалдаа морилтол талбай бол хамар дор. Тамирчид бэлтгэлээ хийгээд л... Төсөөлснөөс ойрхон. Тамираа бас талбай ийм ойрхон харагдах байсан юм уу гээд, надтай ижил сэтгэгдэлтэй байгаа бололтой.
We are Liverpool, Tra la la la la,
We are Liverpool, tra la la la la la,
We are Liverpool, tra la la la la,
The best football team in the world - yes we are!
Liverpool, Liverpool, Liverpool, Liverpool, Liverpool ... гэж дуулалдах фэнүүд цэнгэлдэхийг доргиож, самсаа шархирч, зүүдлээд ч байгаа юм шиг, хөвөөд ч байгаа юм шиг...
Ялангуяа тоглолт эхлэхэд бэлэн болж тамирчид байрлалаа эзэлсний дараа
Walk on, walk on
With hope in your heart
And you’ll never walk alone
You’ll never walk alone
гэж дуулах үед бол тэгээд л ...
Миний ойлгосноор The Spion Kop Stand нь улааны улаан, амь амьдралаа зориулсан копуудад зориулсан, тэд бараг бүтэн улирлаар нь авчихдаг тийм хэсэг байх шиг байгаа юм. Харин бидний суусан Anfield Road Stand нь зочин багийн дэмжигчдээс гадна мань мэтийн жуулчид, явуулын, гадныханд зориулсан суудлууд байх шиг байгаа юм.
Бүх дуу, шуум The Spion Kop Stand-ээс эхэлж, тэндээс цуурайтаж, атмосферийг зөвхөн тэд л “удирдаж” байсан.
Бид 2-ыг тэр алс холоос зорин зорин ирснийг тохиолдуулан, бэлэг барьж байгаа юм шиг л гоолын бороо оруулсан сайхан тоглолт болсон. Гоол орох болгонд цэнгэлдэх тэр чигээрээ үсрэн босч дуугаа дуулаад л...
Гайхалтай...
Тоглолт дуусаад хотын төв хүртэл урт цуваа хөврөөстэй, бид 2 дунд нь алхаастай...
За тэгээд маргааш өглөө нь Ливэрпүүлээс Лондон орох замдаа үйлчилгээний цэгт автобуснаасаа хоцроод, хамаг цүнх, ачаагаа Лондон руу үдснээс өөрөөр асуудалгүй сайхан яваад ирлээ. Мэдээж Лондонд нөгөө алдарт Big Ben /шинэ нэр нь Elizabeth Tower/, Palace of Westminster, Buckingham Palace, London Tower, Tower Bridge гэх мэт газруудтай танилцаж, зураг хөргөө авахуулсан.
Манай бүх копууд #Anfield-д тоглолт үзэх болтугай гэж сүүн цагаан ерөөл айлдая даа...
You’ll never walk alone!
Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Техник ашиглалтын хэлтсийн дарга С.Болдбаяр